Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам
Нэг. Ерөнхий зүйл
- 1.1 Энэхүү журмын зорилго нь Комплекс Дижитал Экосистем ХХК /цаашид "Комплекс бирж" гэх/-ийн "Төлөөлөн удирдах зөвлөл"/цаашид ТУЗ гэх/ -ийн гишүүнд тавигдах шаардлага, ТУЗ-н гишүүнд нэр дэвшүүлэх журам, ТУЗ-н дэргэдэх хороодын чиг үүрэг, бүрэн эрх, ТУЗ-ийн хурлын дэг, ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг Монгол Улсын Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 145-р тогтоолоор баталсан Компанийн Засаглалын Кодекс болон Комплекс биржийн Дүрэм /цаашид компанийн дүрэм гэх/-д нийцүүлэн зохицуулахад оршино.
- 1.2 Энэ журам нь ТУЗ-ийн Хурлын дийлэнх олонхын саналаар дэмжигдэн батлагдсанаар хүчин төгөлдөр үйлчилнэ.
- 1.3 Компанийн ТУЗ нь үйл ажиллагаандаа энэхүү журмыг чанд сахин ажиллах ба хууль тогтоомж, хуульчилсан акт, холбогдох бусад дүрэм, журам, компанийн дүрэм болон энэхүү журмыг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа хийхийг хориглоно.
Хоёр. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний чиг үүрэг
- 2.1 ТУЗ-н бүрэлдэхүүний тоо компанийн дүрэмд зааснаар 5/тав/ гишүүнтэй байх ба ТУЗ-н гишүүдийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас сонгоно.
- 2.2 ТУЗ-н гишүүд нь өөрийн мэдлэг, туршлага, чадвараа бүрэн дайчлан компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, чин шударгаар ажиллана.
- 2.3 Хараат бус гишүүд нь компанийн гүйцэтгэх удирдлага, менежрүүдийн үйл ажиллагаанд ТУЗ-ийн зүгээс тавих хяналтыг үр ашигтай байлгах, компанийн удирдлага хувьцаа эзэмшигчдийн хооронд гарч болзошгүй сонирхлын зөрчлийг зөв зохистой, шударга шийдвэрлэх явдал бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдээс хараат бус байж шаардлагатай тохиолдолд тэдэнд бодитой зөвлөмж, зөвлөгөө өгөх үүрэгтэй байна.
- 2.4 ТУЗ-ийн бүрэн эрхэд Хувьцаа эзэмшигчдийн хурал /цаашид ХЭХ гэх/ -ыг зарлан хуралдуулахтай холбоотой дараах үйл ажиллагаа хамаарна.
- 2.4.1 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг товлох, зарлах
- 2.4.2 ХЭХ-ын хэлэлцэх асуудлыг батлах, хувьцаа эзэмшигчдийн саналыг хурлын хэлэлцэх асуудалд тусгах;
- 2.4.3 ХЭХ хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх өдөр, журмыг тодорхойлох
- 2.4.4 ХЭХ-д бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох мэдээллийн (материал) жагсаалт гаргах, тухайн мэдээлэлтэй танилцах боломжоор хангах
- 2.4.5 Саналын хуудсаар санал авах тохиолдолд саналын хуудасны маягт, агуулгыг батлах
- 2.4.6 ХЭХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор ХЭХ зарлах эсвэл зарлахаас татгалзах шийдвэр гаргах
- 2.4.7 ХЭХ-ын ээлжит бус хурал зарлах, зарлахаас татгалзсан шийдвэрийг сонирхогч талуудад нэн даруй мэдэгдэх.
- 2.5 Компанийн үнэт цаас, үндсэн хөрөнгөтэй холбоотой ТУЗ-ийн бүрэн эрхэд дараах үйл ажиллагаа хамаарна. Үүнд:
- 2.5.1 Энгийн болон давуу эрхийн хувьцаа, өрийн бичиг, опцион гэх мэт үнэт цаас буюу үнэт цаасанд хөрвөх боломжтой бусад санхүүгийн хэрэгсэл гаргах шийдвэр гаргах;
- 2.5.2 Өрийн бичиг гаргах шийдвэрт заасан бол гаргасан өрийн бичгээ төлөгдөх хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авах талаар шийдвэр гаргах;
- 2.5.3 Үндсэн хөрөнгийн үнэлгээг тогтоох, гаргах үнэт цаасны төрөл, тоо, гаргах хугацаа, нөхцөлийг тогтоох;
- 2.5.4 Ноогдол ашгийн хэмжээг тогтоож, ногдол ашиг хуваарилах ажлыг зохион байгуулах;
- 2.5.5 Их хэмжээний хэлцлийг батлах
- 2.5.6 Сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах
- 2.5.7 Санхүү болон бизнесийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаатай холбоотой шийдвэр, хэлцлийг батлах (Компанийн дүрэмд зааснаас бусад үйл ажиллагаа)
- 2.6 Компанийн гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, хянахтай холбоотой ТУЗ-н бүрэн эрхэд дараах үйл ажиллагаа хамаарна. Үүнд:
- 2.6.1 Компанийн бизнес төлөвлөгөө, төсөв батлах, үйл ажиллагааны стратегийг тодорхойлох
- 2.6.2 Гүйцэтгэх захирал өөр компанийн удирдах албанд ажиллах асуудлыг зөвшилцөх, шийдвэрлэх
- 2.6.3 ТУЗ-н нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх
- 2.6.4 ТУЗ-н дэргэдэх байнгын болон түр хороодыг байгуулах
- 2.7 Хараат бус гишүүд хараат бус байдалд нь нөлөөлөх аливаа үйл ажиллагаанаас татгалзана. Хэрэв нөхцөл байдалд өөрчлөлт орсны улмаас хараат бус гишүүн хараат бус байх боломжгүй болсон бол тухайн гишүүн энэ талаар ТУЗ-д энэ талаар бичгээр 5 хоногийн дотор мэдэгдэнэ.
- 2.8 ТУЗ-ийн хуралд оролцох боломжгүй болсон тохиолдолд оролцох боломжгүй шалтгаанаа ТУЗ-д урьдчилан мэдэгдэх;
- 2.9 Гишүүд өөрсдийн гаргасан алдаа, дутагдлаас үүдэн компанид учирсан хохиролд хариуцлага хүлээнэ.
- 2.10 ТУЗ-ийн аливаа шийдвэр үйл ажиллагаанд тухайн шийдвэр, үйл ажиллагаанд оролцсон гишүүд хамтдаа хариуцлага хүлээх ба хохирлыг хувь тэнцүүлэн нөхөн төлнө.
Гурав. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага
- 3.1 ТУЗ-ийн гишүүн нь иргэний эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай, санхүү, бизнесийн зохих түвшиний мэдлэгтэй, хууль тогтоомж, дүрмээр тогтоосон үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, боловсрол, дадлага туршлагатай Монгол Улсын эсвэл гадаад улсын иргэн байна.
- 3.2 Санхүүгийн зах зээлд 2-оос дүүшгүй жил ажилласан туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн байх
- 3.3 Хугацаа хэтэрсэн болон шүүхийн шийдвэрийн өр төлбөргүй байх;
- 3.4 Эдийн засаг, санхүүгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэлээр шийтгүүлж байгаагүй байх
- 3.5 Компанийн ТУЗ-н нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна. Хараат бус гишүүн нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээд байна.
- 3.5.1 Тухайн компани болон түүний холбогдох этгээдэд ажил албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд эрхэлж байгаагүй
- 3.5.2 Бизнесийн харилцаатай компанийн толгой эсхүл охин, хараат компанийн ажилтан, албан тушаалтан биш байх
- 3.6 Компанийн ТУЗ-н дарга, гишүүнээс бусад гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан нь дараах шаардлагыг хангасан байна.
- 3.6.1 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч эсхүл виртуал хөрөнгө гаргагч компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалыг хавсран эрхэлдэггүй байх;
- 3.6.2 Гадаадын эсхүл өөрийн орны санхүүгийн зах зээлд 5-аас доошгүй жил хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхэлж байсан;
Дөрөв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
- 4.1 Компанийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшигчдийн санал болгосон болон нээлттэй сонгон шалгаруулалтаар ТУЗ-ийн гишүүн болох хүсэлтэй энэ журмын 3 дугаар бүлэгт заасан шалгуурыг хангасан иргэнийг ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлнэ. Нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ТУЗ-ийн даргатай зөвшилцөн олон нийтийн сүлжээ, өдөр тутмын сонинд байршуулна.
- 4.2 Хараат бус гишүүнд нэр дэвшүүлж байгаа бол хараат бус гэдгийг нотлох мэдээлэл уг мэдээлэл үнэн зөв болох тухай нэр дэвшигчийн баталгаа зэргийг гаргуулсан байна. Эдгээр мэдээлэлд үндэслэн нэр дэвшигчийг саналын хуудсанд оруулах тухай дүгнэлт гаргаж Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна.
- 4.3 ТУЗ-ийн гишүүнийг компанийн дүрэмд заасны дагуу сонгоно.
Тав. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, бүрэн эрхийн хугацаа
- 5.1 Компани нь 5 гишүүнтэй ТУЗ-тэй байх бөгөөд тэдгээрийн олонхи нь хараат бус гишүүн байна.
- 5.2 ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.
- 5.3 Хэрэв хугацаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн хуульд заасан хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд ТУЗ-ийн ХЭХ-г бэлтгэх, түүнийг зарлах зохион байгуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болно.
- 5.4 Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно.
- 5.5 Гишүүн удаан хугацаагаар үүргээ биелүүлэх боломжгүй болсон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл нас барсан тохиолдолд ТУЗ-с орлох хүнийг дараагийн ХЭХ хүртэл түр томилж болно.
Зургаа. ТУЗ-ийн дарга
- 6.1 Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ТУЗ-н даргыг ТУЗ-н гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно. ТУЗ-ийг дарга удирдан зохион байгуулна.
- 6.2 Компанийн Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнээр ажиллаж байгаа хүнийг ТУЗ-ийн даргаар сонгохгүй.
- 6.3 ТУЗ-н дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- 6.3.1 ТУЗ-ийн ээлжит болон ээлжит бус хурал зарлах, хэлэлцэх асуудлыг батлах;
- 6.3.2 ТУЗ-ийн ажлыг зохион байгуулах, нийт гишүүдийг санал бодлоо чөлөөтэй солилцох нөхцөлөөр хангах, хэлэлцэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах ;
- 6.3.3 ТУЗ-ийн тогтоолд гарын үсэг зурах, албажуулах ;
- 6.3.4 Хурлын тэмдэглэл хөтлүүлэх, тэмдэглэлд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулах;
- 6.3.5 Компанийг төлөөлөн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах;
- 6.3.6 Хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдох мэдээллийг ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргүүлэх;
- 6.3.7 ТУЗ-ийн дэргэдэх хороодыг байгуулах ажлыг зохион байгуулах, тус хороодод гишүүдийг нэр дэвшүүлэх, компанийн ажилтан, гишүүд, хороо хоорондын харилцааг зохицуулах
- 6.3.8 Гүйцэтгэх захирал болон бусад удирдах ажилтнуудтай байнгын харилцаа холбоотой ажиллах;
- 6.3.9 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зохион байгуулах талаар хувьцаа эзэмшигчийн бичгээр гаргасан санал хүлээн авах;
- 6.4 ТУЗ-ийн даргын эзгүйд хуралд оролцож буй нийт гишүүдийн олонхийн санал авсан эсхүл ТУЗ-ийн даргын томилсон гишүүн түүнийг орлоно.
Долоо. ТУЗ-ийг хуралдуулах
- 7.1 ТУЗ-ийн хурлыг ТУЗ-ийн дарга өөрийн санаачлагаар улирал бүр нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулах ба шаардлагатай тохиолдолд дараах этгээдийн саналаар хуралдуулна. Үүнд:
- 7.1.1 ТУЗ-ийн гишүүн;
- 7.1.2 Аудитын хороо;
- 7.2 ТУЗ-ийн хурал хуралдуулах саналыг бичгээр үйлдэж ТУЗ-ийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
- 7.3 ТУЗ-ийн хурал хуралдуулах санал гаргасан огноог ТУЗ-ийн нарийн бичгийн даргын хүсэлт хүлээн авсан өдрөөр тодорхойлно.
- 7.4 Хүсэлт хүлээн авсанаас хойш арав нөхөх хоногийн дотор ТУЗ-ийн дарга ТУЗ-ийг хуралдуулна.
- 7.5 ТУЗ-ийг хуралдуулах шийдвэрт хурал болох огноо, газар, эхлэх цаг, хэлэлцэх асуудлын жагсаалтыг заасан байна.
- 7.6 ТУЗ-ийн хурал гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно. ТУЗ-ийн ээлжит бус хурлыг бүртгэлтэй цахим хаягаар эчнээ санал хураалтаар явуулж болно.
- 7.7 Гишүүд биечлэн, урьдчилан санал өгөх болон мэдээлэл харилцаа холбооны техник хэрэгсэл ашиглан гэх мэт боломжтой хэлбэрээр оролцож болно. Урьдчилан баталгаат и-мэйл ашиглан санал өгсөн гишүүнийг уг хуралд оролцсоноор тооцох бөгөөд нэмэлтээр хэлэлцсэн болон санал өгөөгүй асуудал дээр тус гишүүнийг хурлын ирцэд оруулан тооцохгүй.
- 7.8 Хурал дээр санал хураалт явуулах үед зөвлөлийн гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.
- 7.9 ТУЗ-ийн нэг гишүүний саналын эрхийг нөгөө гишүүнд шилжүүлэх, саналын эрхийг өөр хүнд итгэмжлэлээр дамжуулахыг хориглоно.
- 7.10 Энэхүү журмын 7.11-т зааснаас бусад тохиолдолд ТУЗ-ийн хуралд оролцож байгаа шигүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
- 7.11 Дараах асуудлыг нийт гишүүдийн 100% (нэг зуун хувь)-ийн буюу санал нэгтэйгээр шийдвэрлэнэ.
- 7.11.1 Сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах
- 7.11.2 Их хэмжээний хэлцлийг батлах
- 7.12 ТУЗ-ийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд ТУЗ-ийн тогтоолд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурна.
- 7.13 ТУЗ-ийг хуралдуулах ажлыг ТУЗ-ийн нарийн бичиг хариуцна. ТУЗ-ийн хурал хэвийн явагдах нөхцөлийг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга хангана.
- 7.1 ТУЗ-ийн хурлыг ТУЗ-ийн дарга өөрийн санаачлагаар улирал бүр нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулах ба шаардлагатай тохиолдолд дараах этгээдийн саналаар хуралдуулна. Үүнд:
Найм. ТУЗ-ийн хурлын дэг
- 8.1 ТУЗ-ийн хурлыг ТУЗ-ын дарга даргална. Түүнийг эзгүйд ТУЗ-ийн даргын томилсон эсхүл ТУЗ-ийн шийдвэрлэсэн аль нэг гишүүн хурлыг даргална.
- 8.2 Хурлаар зөвхөн хэлэлцэх асуудлын жагсаалтанд орсон асуудлыг хэлэлцэх бөгөөд тухайн хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцэх санал гарсан тохиолдолд хуралд оролцож байгаа нийт гишүүдийн санаалаар хэлэлцэн шийдвэрлэж болно.
- 8.3 Хэлэлцэх асуудалтай холбогдох мэдээлэл, танилцуулга, тайлбарыг хурал даргалагч буюу асуудал оруулж байгаа гишүүн, бусад хүмүүс хийх бөгөөд уг тайлбар мэдээлэлтэй холбогдох баримт бичгийг урьдчилан тараасан бол хуралд оролцогчдийн саналаар тайлбар мэдээлэл хийхгүй байж болно.
- 8.4 Хэлэлцэж байгаа асуудлаар хийсэн тайлбар, мэдээллийн дараа асуулт, хариулт явуулж эцэст нь шийдвэрийн эцсийн хувилбарыг заалт бүрээр санал хураалт явуулж, шийдвэрийн төслийг батална.
- 8.5 Хуралдаан явагдаж байгаа үед бусдын яриаг таслах, зэрэгцэн ярихыг хориглох бөгөөд асуулт тавих, санал гаргах бүрт хурал даргалагчаас зөвшөөрөл авч байна.
- 8.6 Асуулт, хариулт, санал, дүгнэлт нь зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой товч тодорхой байна.
- 8.7 Гишүүд аливаа шийдвэрийн санал хураалтад зөвшөөрсөн, татгалзсан, хувилбарын аль нэгээр саналаа илэрхийлнэ.
- 8.8 Хэлэлцэж байгаа асуудлын эхний санал хураалтаар шийдвэр хүчин төгөлдөр болж чадаагүй тохиолдолд уг асуудлыг ажлын журмаар нягтлан ярилцаж, зөвшилцөх замаар дараагийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болно.
Ес. ТУЗ-ийн хурлын тэмдэглэл
- 9.1 ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ТУЗ-ийн хурлын тэмдэглэл хөтөлнө. Нарийн бичгийн дарга нь хуралдааны тэмдэглэлийг үнэн зөв хөтлөх, хуралдааныг хэвийн явуулахад тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай тохиолдолд орчуулга хийх зэрэг үүрэг хүлээнэ.
- 9.2 ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг хурал дууссанаас хойш нөхөх хоногийн дотор үйлдэнэ. Хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
- 9.2.1 Компанийн албан ёсны нэр ба хаяг;
- 9.2.2 Хурал болсон газар (хаяг), эхэлсэн цаг
- 9.2.3 Хурлаар хэлэлцсэн асуудал;
- 9.2.4 Хуралд оролцож байгаа оролцогчид болон хурлын ирц;
- 9.2.5 Хуралд биечлэн оролцоогүй боловч бичгээр саналаа өгсөн гишүүд;
- 9.2.6 Санал хураасан асуудлууд, санал хураалтын дүн;
- 9.2.7 Гаргасан шийдвэрүүд;
- 9.3 ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тэмдэглэлийн үнэн зөвийг хариуцан хуралдаанд оролцсон гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
- 9.4 Гишүүдийн бичгээр гаргасан саналуудыг тэмдэглэлд хавсаргана.
- 9.5 Саналын хуудсаар буюу цахимаар хураасан санал, саналын дүнгийн талаар тэмдэглэлийг саналын хуудас хүлээн авах эцсийн өдрөөс хойш гурван нөхөх хоногийн дотор үйлдэх ба тэмдэглэлд ТУЗ-ийн дарга, нарийн бичиг гарын үсэг зурна. Тэмдэглэлд дараах мэдээллийг багтаана. Үүнд:
- 9.5.1 Саналын хуудсаар санал хураасан асуудлууд;
- 9.5.2 Асуудал бүрт гаргасан шийдвэрийн тайлбар;
- 9.5.3 Асуудал бүрийн санал хураалтын дүн;
- 9.6 ТУЗ-ийн хурлын тэмдэглэл Компанийн байранд хадгалагдана.
Арав. ТУЗ-ийн хороод
- 10.1 ТУЗ нь урьдчилан хэлэлцүүлэг хийх, зөвлөлийн бүрэн эрхийн хүрээний асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж гаргах түр эсвэл байнгын хороод байгуулж болно.
- 10.2 Компани нь төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд 3-аас доошгүй гишүүнтэй аудитын хороотой байх бөгөөд уг хороо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- 10.2.1 Гишүүдийн нэгээс доошгүй нь аудитын үйл ажиллагаа явуулах эрх авсан байна.
- 10.3 Хорооны хурлыг хорооны дарга, хорооны гишүүн мөн комданийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу хуралдуулна.
- 10.4 Асуудал хэлэлцэх хорооны хэлэлцүүлэгийн дүнг хуралд оролцсон бүх гишүүдийн гарын үсэг зурж бичгээр гаргасан шийдвэрт тусгаж, ТУЗ-ийн даргад танилцуулна.
- 10.5 Хорооны гаргасан саналуудыг ТУЗ-д өгч буй зөвлөмжид тооцно.
- 10.6 Хороодын үйл ажиллагааг ТУЗ-с батлах журмын дагуу зохицуулна.
Арван нэг. ТУЗ-ийн хариуцлага
- 11.1 ТУЗ-ийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш удаа хуралд дараалан оролцоогүй тохиолдолд ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болно.
- 11.2 ТУЗ-ийн гишүүний буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учирвал учирсан хохирлыг буруутай этгээдээр бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.
- 11.3 ТУЗ-ийн гишүүн компанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч бол хохиролд түүний хувь нийлүүлсэн хөрөнгийг компани тооцон авах бөгөөд энэ хөрөнгө нь хүрэлцэхгүй бол гишүүний хувийн эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна.
- 11.4 ТУЗ-ийн гишүүн нь Эрүүгийн хэрэг үйлдсэний улмаас компанид хохирол учирсан бол зохих эрх бүхий байгууллагад компани хандан, өөрт учирсан хохирлоо барагдуулна.
- 11.5 ТУЗ-ийн гишүүн нь сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг зохих зөвшөөрлийг авалгүй хийснээс учирсан хохирлыг дангаар хариуцна.
Арван хоёр. ТУЗ-ийн гишүүдийн үнэлгээ
- 12.1 ТУЗ болон гишүүн бүрийн ажлын гүйцэтгэлийг ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны зөвлөмжинд үнэдэслэн ХЭХ-н боловсруулсан тавигдах шаардлагын дагуу компанийн хувьцаа эзэмшигчид үнэлнэ.