ВХҮҮ-ИЙН БОДЛОГО, ЖУРАМ

БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮНДРЭЛ ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Комплекс биржийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор :

  • Бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөө
  • Системийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө
  • Системийн шуурхай ажиллагааны төлөвлөгөө батлагдсан байх ба байгалийн давагдашгүй хүчин зүйлс, системийн доголдол, гадны халдлага зэрэг учирч болзошгүй нөхцөл байдлын үед бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангахад чиглэгдсэн төлөвлөгөө байна.

Биржийн үйл ажиллагаанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн нөхцөлд нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч зэрэг оролцогч талуудад учирч болох сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгах үүднээс хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хамрах хүрээг тодорхойлсон болно.

Энэхүү төлөвлөгөөнд заасны дагуу гэнэтийн хүчин зүйлс үүсэх, систем доголдох үед 24 цагт багтаан холбогдох арга хэмжээнүүдийг журамд заасны дагуу шат дараалалтай хэрэгжүүлж, Санхүүгийн зохицуулах хороо, нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч зэрэг оролцогч талуудад мэдээллийг хүргэх, авах арга хэмжээ ажиллагааг танилцуулж ажиллана.

БИРЖ БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСОН ТОХИОЛДОЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Комплекс бирж Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, бүртгэлээс хасах журам"-ын дагуу аливаа эрсдэл учирсан тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх, харилцагчийн мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөө болон Онцгой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллана.

Энэхүү төлөвлөгөөгөөр онцгой нөхцөл байдалд үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлалт тогтоох, татан буугдах, үйлчилгээ зогсох, гадны халдлагад өртөх үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон ба төлөвлөгөөнд заасны дагуу тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ажлын хэсэг байгуулж үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг илрүүлэх, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллан, нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч зэрэг оролцогч талуудад үүсэх эрсдэлийг хамгийн түвшинд байлгахад ажиллана.

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙГ БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ

  • Виртуал хөрөнгө гаргагч нь виртуал хөрөнгийг бирж, эсхүл платформд бүртгэл хийлгэхээс 60 хоногийн өмнө бүртгүүлэх хүсэлт, холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.
  • Виртуал хөрөнгө гаргагч нь виртуал хөрөнгийг бирж, эсхүл платформд бүртгүүлэх хүсэлтийг гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд :

• Виртуал хөрөнгө гаргагч нь хувь хүн бол дараах баримт бичгийг виртуал хөрөнгө бүртгүүлэх хүсэлтэд хавсарган ирүүлнэ :

  • Виртуал хөрөнгийг бүртгүүлэх хүсэлт /албан бичиг/;
  • Энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан Виртуал хөрөнгийн танилцуулга;
  • Виртуал хөрөнгө гаргагч нь эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй эсэх талаарх нотолгоо, эрх бүхий албан байгууллагын тодорхойлолт, лавлагаа;
  • Виртуал хөрөнгийн онцлогт хамаарах тусгай зөвшөөрөл, лиценз, зохиогчийн эрх, патент, бараа үйлчилгээний тэмдэгтэй бол гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт;
  • Шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

• Виртуал хөрөнгө гаргагч нь хуулийн этгээд бол дараах баримт бичгийг виртуал хөрөнгө бүртгүүлэх хүсэлтэд хавсарган ирүүлнэ :

  • Виртуал хөрөнгийн бүртгүүлэх хүсэлт /албан бичиг/;
  • Хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээ;
  • Энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан Виртуал хөрөнгийн танилцуулга;
  • Виртуал хөрөнгө гаргах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;
  • Виртуал хөрөнгө, түүний төсөл нь эдийн засгийн үр ашигтай, бодитой, хэрэгжихүйц эсэх талаарх тооцоолол, мэдээлэл;
  • Виртуал хөрөнгө гаргагч, түүний эцсийн өмчлөгч, эрх бүхий албан тушаалтан бүр нь эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй, бизнесийн нэр хүндтэй, мэргэжлийн багтай эсэх талаарх нотолгоо, эрх бүхий байгууллагын тодорхойлолт лавлагаа;
  • Виртуал хөрөнгийн онцлогт хамаарах тусгай зөвшөөрөл, лиценз, зохиогчийн эрх, патент, бараа үйлчилгээний тэм дэгтэй бол гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт;
  • Шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

• Виртуал хөрөнгийн танилцуулга нь Монгол хэл дээр бичигдсэн байх бөгөөд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд :

• Виртуал хөрөнгө гаргагч нь хувь хүн бол Виртуал хөрөнгийн танилцуулгад дараах мэдээллийг тусгана :

  • Виртуал хөрөнгийн хэрэглээ, гаргаж буй зорилго;
  • Блокчэйний төрөл;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн овог, нэр, холбоо барих хаяг, зураг, ажлын туршлага болон бусад мэдээлэл;
  • Нийтэд санал болгох виртуал хөрөнгийн тоо хэмжээ, санал болгох үнэ;
  • Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө;
  • Виртуал хөрөнгийн хуваарилалт, тархалтын мэдээлэл;
  • Шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

• Виртуал хөрөнгө гаргагч нь хуулийн этгээд бол Виртуал хөрөнгийн танилцуулгад дараах мэдээллийг тусгана :

  • Виртуал хөрөнгийн хэрэглээ, гаргаж буй зорилго, блокчэйний төрөл;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн оноосон нэр, оршин байгаа газрын шуудангийн болон холбоо барих хаяг, эрхэлж буй үйл ажиллагааны талаар;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл, эзэмшиж буй хувьцааны тоо, хувь хэмжээ;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн бүтэц, зохион байгуулалт;
  • Эрх бүхий албан тушаалтны нэр, зураг, ажлын туршлага, бусад мэдээлэл;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт;
  • Нийтэд санал болгох виртуал хөрөнгийн тоо хэмжээ, санал болгох үнэ;
  • Виртуал хөрөнгийн хуваарилалт, тархалтын мэдээлэл;
  • Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөд учирч болох эрсдэлийн талаарх мэдээлэл;
  • Виртуал хөрөнгөнд хийсэн технологийн аудитын дүгнэлт;
  • Шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;

• Виртуал хөрөнгийн танилцуулгын үнэн зөвийг Виртуал хөрөнгө гаргагч хариуцна.

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙГ ХАСАХ НӨХЦӨЛ

• Нийтэд санал болгон арилжаалахаар бүртгэсэн виртуал хөрөнгийг дараах тохиолдолд Компани бүртгэлээс хасна. Үүнд :

  • Виртуал хөрөнгө гаргагч нь виртуал хөрөнгийг биржийн бүртгэлээс хасах тухай хүсэлт гаргасан;
  • Виртуал хөрөнгийн үндсэн блокчейны найдвартай, тасралтгүй байдал доголдол үүсч, түүнийг засаж, хэвийн байдалд оруулах, өөр үндсэн блокчейнд шилжүүлэх боломжгүй болсон;
  • Виртуал хөрөнгийн бүртгэлтэй холбоотойгоор гарган өгсөн баримт бичиг нь хуурамч, худал болох нь илэрсэн;
  • Виртуал хөрөнгө гаргагч нь Виртуал хөрөнгийн танилцуулгад тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй эсхүл хэрэгжүүлэх чадваргүй болсон;
  • Виртуал хөрөнгийн санхүүгийн хөрвөх чадвар, эрэлт хэрэгцээг дэмжих ажиллагааг хийгээгүй, арилжааны идэвх буурсан;
  • Виртуал хөрөнгө гаргагч болон түүний толгой, охин ба хараат компанийн эрх бүхий албан тушаалтанд эдийн засгийн хориг тавигдсан;
  • Виртуал хөрөнгө гаргагч болон түүний толгой, охин ба хараат компани нь Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх үйл ажиллагаа сул гэж холбогдох байгууллагаас үзсэн улсад үйл ажиллагаа явуулдаг;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн эрх бүхий албан тушаалтан, түүний ажилтан нь дотоод мэдээллийг хууль бусаар ашиглан арилжаанд оролцсон, зах зээлийг урвуулан ашигласан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
  • Тухайн виртуал хөрөнгийн арилжаа дахь дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шаардлага үүссэн;
  • Виртуал хөрөнгө гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Компанийн нэр хүндэд сөрөг нөлөөлсөн гэж Компани үзсэн тохиолдолд;
  • Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр виртуал хөрөнгө гаргагч хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон, татан буулгах шийдвэр гаргасан;
  • Виртуал хөрөнгийг хасах шийдвэр гарсан тохиолдолд Компани болон Виртуал хөрөнгө гаргагч энэ тухай олон нийтэд виртуал хөрөнгийг хасахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Компанийн албан ёсны мэдээллийн сувагт мэдэгдлийг нийтэлнэ.
  • 4.2-д заасан мэдэгдэлд бүртгэлээс хасах виртуал хөрөнгийн шилжүүлэг, арилжаа хийх боломжийг харилцагчид олгох тухай тусгасан байна.
© 2023 - Комплекс Дижитал Экосистем ХХК