“Комплекс Дижитал Экосистем” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн CX24-ГЗ/А-002 дугаартай тушаалын Хавсралт
“COMPLEX БИРЖ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Комплекс Дижитал Экосистем” ХХК (цаашид “Бирж” эсхүл “Бид” гэх) болон Харилцагч (цаашид “Та” эсхүл “Харилцагч” гэх) нарын хооронд байгуулагдах Виртуал хөрөнгийн үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх) үзүүлэх гэрээний үндсэн нөхцөл болох ба Харилцагч www.complex.mn веб сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул та энэхүү үйлчилгээний нөхцөл болон түүнд хамаарах нууцлалын бодлогод заасан нөхцөлтэй сайтар танилцана уу.
Complex биржээр дамжуулан хийгдсэн, тус биржээс үл хамаарах аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх эрсдэл, үр дагаврыг та өөрөө хариуцахыг анхаарна уу.
НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
- “Виртуал хөрөнгө” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монгол банкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг;
- “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэж виртуал хөрөнгийг хооронд нь болон албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих, шилжүүлэх, виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах, виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэгчийг;
- “Виртуал хөрөнгө гаргагч” гэж аливаа улсын алсан ёсны мөнгөн тэмдэгт, үнэ цаасны дижитал хэлбэр, эсхүл Монгол банкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг бирж болон платформ дээр анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд гаргаж буй этгээдийг
- Харилцагч” гэж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу биржээс үйлчилгээ авч байгаа хувь хүн, хуулийн этгээдийг
- “Албан ёсны мэдээллийн суваг” гэж https://www.complex.mn/ вебсайт болон фэйсбүүк, инстаграм, телаграмм дахь хаягийг
БИРЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
- Харилцагч нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу Комплекс Биржид өөрийн аккаунт үүсгэж, тухайн аккаунтад холбогдсон хэтэвчээ цэнэглэснээр дараах гүйлгээг хийх боломжтой болно. Үүнд:
- Өөрийн хэтэвчийн үлдэгдлийн хүрээнд бирж дээр нээлттэй арилжиж буй дижитал токен, койн, криптовалютаас худалдан авах, зарах;
- Limit/ Market/ Stop Limit захиалга өгөх;
- Бирж дэх өөрийн хэтэвчнээс холбогдох зааврын дагуу дижитал токен, койн, криптовалютыг шилжүүлэх буюу хүлээн авах;
- Бирж дээрх өөрийн хэтэвчнээс зарлагын гүйлгээг өөрийн бүртгүүлсэн банкны дансандаа хүлээн авах;
- Дижитал токен, койн, криптовалют буюу виртуал хөрөнгийн анхны захиалгад оролцох, захиалга өгөх;
- Биржтэй хамтран ажиллагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг авах зорилгоор мерчант данс руу шилжүүлэх;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ
- Дижитал токен буюу криптовалют гэж нэрлэгддэг виртуал хөрөнгийг хооронд нь болон мөнгөн тэмдэгттэй арилжих, шилжүүлэх, виртуал хөрөнгө түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах боломжийг криптовалютын биржээр дамжуулан харилцагчдад олгож, хөрөнгө оруулалт хийн өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлэх нэг төрлийн үйлчилгээ юм.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ
- Хэлцэл зайнаас цахимаар хийгдэх ба харилцагчийн байнга оршин суугаа нутаг дэвсгэр харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ. /Холбогдох хууль, тогтоомжоор хориглосон нутаг дэвсгэрээс бусад тохиолдолд/
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ /БИРЖ/- ИЙН МЭДЭЭЛЭЛ, ДАВУУ ТАЛ
- “Комплекс Дижитал Экосистем” ХХК
- CompleX бирж нь 2021 оны 6 дугаар сараас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа
- Complex Бирж нь ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн.
- CompleX бирж нь Cobit 5 тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн аудитыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CICA аудитаар хийлгүүлэн, сайн үнэлгээ авсан.
- Веб болон гар утасны аппликэйшнээр дамжуулан 24/7 үйл ажиллагаагаа явуулдаг.
- CompleX бирж нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны буюу AML аудит хийлгүүлж, хангалттай сайн дүгнэгдсэн.
- ДАН танилт, нэвтрэлтийн нэгдсэн системд холбогдсон.
ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн, хуулийн этгээд байх
ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Бирж дээрх бүртгэлийг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана.
- Харилцагч нь бирж дээрх өөрийн аккаунтыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, нэвтрэх нэр, нууц кодыг бусдад задруулахгүй байх үүрэг хариуцлагыг бүрэн хүлээнэ.
- Бирж нь харилцагчийн гүйлгээ болон үйлдэлд сэжигтэй болон хэвийн бус нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй хэтэвчийг битүүмжлэх, зарлагын гүйлгээг хязгаарлах эрхтэй.
- Харилцагч нь төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг зөвхөн өөрийн нэр дээрх банкны данс руу шилжүүлэг хийх эрхтэй байна.
- Хуулийн этгээд нь үйлчилгээ авахдаа зөвхөн тухайн хуулийн этгээдийн нэр дээр аккаунт үүсгэнэ.
ХАРИЛЦАГЧИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
Харилцагчийн эрх:
- Харилцагч нь тогтоосон журмын дагуу виртуал хөрөнгийг арилжих, хадгалах, шилжүүлэх үйлчилгээ авах эрхтэй;
- Харилцагч нь гар утас, карт, нэвтрэх нууц үг болон бусад баталгаажуулалтын хэлбэрийг алдсан эсхүл бусдад алдсан гэж үзэж байгаа болон өөрийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх оролдлого гарсныг мэдсэн тохиолдолд Биржид яаралтай мэдэгдэн хандах эрхээ түр хаалгах эрхтэй;
- Харилцагч нь биржийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санал хүсэлт гаргах эрхтэй;
- Харилцагч нь өөрийн данс, гүйлгээний түүх, төлбөр тооцооны дүн, үйлчилгээний шимтгэлийн талаарх мэдээллээ биржээр дамжуулан гаргуулан авах эрхтэй;
- Харилцагч нь тусгай нөхцөлөөр биржид хадгалуулснаас бусад тохиолдолд хэдийд ч хөрөнгөө татан авах, шилжүүлэх, шилжүүлэх эрхтэй.
- Харилцагч биржид бүртгэлтэй хаягийг хойшид ашиглах боломжгүй болсон нөхцөлд Комплекс биржийн албан ёсны харилцах сувгаар өргөдөл хүсэлт өөрийн биеэр гаргах эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө нотолж, танин баталгаажуулалт хийлгүүлж, шинэ бүртгэл хаяг үүсгэх ба хөрөнгө шилжүүлэх албан хүсэлтийг гаргах эрхтэй.
Харилцагчийн үүрэг, хариуцлага:
- Харилцагч нь Биржид бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцаж, үүнтэй холбогдуулан гарсан эрсдэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ.
- Биржийн үйлчилгээ нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан зохицуулалттай үйлчилгээ тул Харилцагч та Биржийн зүгээс холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу шаардаж буй аливаа баримт мэдээллийг тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй.
- Хэрэв харилцагч гадаад улсаас хандаж байгаа бол тухайн суугаа улсын хууль тогтоомжоор криптовалютын арилжаа, гүйлгээг хориглодог эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр Комплекс биржээс үйлчилгээ авах шаардлагатай.
- Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн Биржид бүртгэлтэй хаягт компьютер, таблет, бусад мобайл төхөөрөмж зэрэг олон төхөөрөмжөөс хандан, сануулахгүй байх үүрэгтэй.
- Харилцагч нь Биржийн платформд нэвтрэхдээ “Two Factor Authentication” буюу 2 шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх, идэвхжүүлээгүйгээс үүссэн аливаа эрсдэлийг харилцагч өөрөө хариуцна.
- Өөрийн бүртгэлийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулан ашиглуулахгүй байх үүрэгтэй.
- Харилцагч блокчэйн шилжүүлэг (крипто орлого, зарлага) хийхдээ тухайн криптовалютыг дэмждэг блокчэйн сүлжээг сонгох, крипто хаяг бүрэн, үнэн зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгах үүрэгтэй.
- Харилцагч блокчэйн шилжүүлэг (крипто орлого, зарлага) хийх бүртээ биржээс хамгийн сүүлд гаргасан заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийн зэрэгцээ зөвхөн шилжүүлэг хийх үед зааварт харуулсан блокчэйн сүлжээ болон крипто хаягийг шалган шилжүүлэг хийх үүрэгтэй.
- Биржийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд биржээр дамжуулан хийгдэж буй аливаа шилжүүлэг, захиалгын үр дагавар, эрсдэлийг зөвхөн харилцагч өөрөө хариуцна.
- Харилцагч блокчэйн шилжүүлэг (крипто орлого, зарлага) хийхдээ криптовалютаа алдах, ханшийн савлагаа дээрээс алдагдал хүлээх зэргээр өөрийн буруугаас эрсдэлд орсон тохиолдолд хохирлоо өөрөө хариуцна.
- Биржид арилжаалагдаж буй аливаа койн, токены найдвартай, хууль ёсны байдалд баталгаа гаргахгүй тул харилцагч арилжаанд оролцохоос өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, шийдвэрийн үндэслэл, эрх зүйн байдал зэргийг сайтар судлах үүрэгтэй.
Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн CX24-ГЗ/А-004 дугаартай тушаалаар нэмж, сайжруулав.
ЭРСДЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ
- Харилцагч нь Биржээс Үйлчилгээ авахаасаа өмнө виртуал хөрөнгө, түүнд хамаарах үйлчилгээний дараах эрсдэлүүдийг мэдэж, хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Үүнд:
- Виртуал хөрөнгө нь Монгол Улсын Засгийн газар, Төв банкаар баталгаажсан буюу төрөөс хүлээн зөвшөөрсөн хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, мөн түүнчлэн хадгаламжийн даатгал эсхүл хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамрагдаагүй тул Харилцагчид учирсан санхүүгийн хохирлыг аливаа этгээд нөхөн төлөхгүй болохыг;
- Виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэнэ огцом өөрчлөгдөх эрсдэлтэй болохыг;
- Виртуал хөрөнгийн гүйлгээг буцаах боломжгүй учир аливаа залилан мэхлэх шинжтэй үйлдэл, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах үр дагавар нөхөн төлөгдөхгүй болохыг;
- Виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх эрсдэлтэй болохыг;
- Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ нь аливаа залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх эрсдэлтэй болохыг;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болох эрсдэлтэй болохыг;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх эрсдэлтэй болохыг
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй.
БИРЖИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ НӨХЦӨЛ
Биржийн эрх:
- Бирж нь өөрийн платформ, веб, гар утасны аппликэйшнаар дамжуулан хийгдсэн хэвийн бус, сэжигтэй арилжааг өөрийн санаачилгаар цуцлах, буцаах, хязгаарлалт тавих, хаах эрхтэй.
- Бирж нь аливаа Харилцагч буюу тухайн Харилцагчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд хаяг нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг хязгаарлах эрхтэй.
- Бирж нь олон улсын хууль хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах тул хууль бус гүйлгээ, бүртгэл үүссэнийг хуулийн дагуу шалгаж тогтоосон тохиолдолд Харилцагчийн хэтэвчийг царцаах, хаах эрхтэй.
- Харилцагчийн бүртгэлийг танин баталгаажуулах зорилгоор мэдээлэл лавлах эрхтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн биржийн үйлчилгээтэй холбоотой функцүүд (Бирж)-ийн үйлчилгээ, ашиглаж буй технологид аливаа технологийн шинэчлэх, өөрчлөх, дуусгавар болгох эрхтэй.
- Утас, имэйл, чат, сошиал медиа гэх мэт олон нийтийн сувгуудаар холбогдох үеийн түүхийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуульд заасны дагуу тодорхой хугацаанд хадгалах шаардлагатай тохиолдолд эрх бүхий хуулийн байгууллагад дамжуулах эрхтэй.
Биржийн үүрэг, хариуцлага ба чөлөөлөх нөхцөл:
- Биржийн платформ, веб, гар утасны аппликэйшны тасралтгүй, хэвийн ажиллагааны нөхцөлийг хангахыг хичээн ажиллана.
- Бирж нь үйлчилгээнийхээ тасралтгүй болон аюулгүй байдлыг ханган ажиллахаар хичээх бөгөөд техникийн шалтгааны улмаас үйлчилгээ түр зогсох, аливаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ хийгдэх үед Биржийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан тухай бүр мэдэгдэл гаргах үүрэгтэй.
- Биржээс гаргасан бүтээгдэхүүн болон аливаа мэдэгдэл нь санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд Бирж нь веб сайт болон цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдлын баталгаа гаргахгүй тул мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн бий болсон аливаа хохирлыг хариуцахгүй болно.
- Бирж нь Харилцагчийн бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах боловч агуулгын таарамж, үнэн бодит, бүрэн бүтэн байдлын хувьд баталгаа гаргахгүй ба мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар бий болсон аливаа хохирлыг хариуцахгүй болно.
- Бирж нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн веб сайтад байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй.
- Бирж нь давагдашгүй хүчин зүйл, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
- Бид зах зээлд “Тухайн нөхцөл байдал” болон “Арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг ба үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргах үүрэг хүлээхгүй.
- Харилцагчийн биржид байршуулсан мэдээллийг харилцагчийн хүсэлтийг үндэслэн, хэрэглээг хялбарчлах зорилгоор өөрчилж болно.
- Бирж бүтээгдэхүүн үйлчилгээг инновацлаг шийдлээр хөгжүүлэн харилцагчид бүхий л цаг хугацаанд хүргэдэг байна.
Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн CX24-ГЗ/А-004 дугаартай тушаалаар нэмж, сайжруулав.
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭС ХАСАХ
- Виртуал хөрөнгө гаргагч болон Бирж тохиролцож, виртуал хөрөнгийг биржийн арилжаанаас хасаж болно. Энэ тохиолдолд бирж нь Виртуал хөрөнгийг хасах шийдвэрийг харилцагч нарт биржийн үндсэн веб сайт болон олон нийтийн сүлжээнд дэх өөрийн албан ёсны хаягаар мэдэгдэнэ.
- Виртуал хөрөнгийг биржийн арилжаанаас хасах тохиолдолд Харилцагчдад биржийн арилжаанаас хасагдаж буй виртуал хөрөнгийг бусад бирж рүү шилжүүлэх хугацаа тогтоох бөгөөд харилцагч тухайн хугацаанд багтаан виртуал хөрөнгийн шилжүүлгийг хийнэ.
- Харилцагч нь Биржээс тогтоосон хугацаанд виртуал хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд Бирж болон виртуал хөрөнгө гаргагч аливаа хариуцлага хүлээхгүй.
- Биржээс үл хамаарах шалтгаанаар биржийн арилжаанд буй виртуал хөрөнгийг шилжүүлэг, арилжаа зогссон тохиолдолд тухайн виртуал хөрөнгө гаргагчаас гаргасан шийдвэрийг баримтална.
COMPLEX БИРЖИД БҮРТГЭЛ ҮҮСГЭХ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
БҮРТГЭЛ
- Веб сайт ашиглахын тул та хаягаар нэвтэрч шинээр бүртгүүлнэ.
- Нэр болон цахим шуудангийн хаяг, нууц үгээ оруулах ба үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
- Хуульд заасан тодорхой нөхцөлөөс хамаарч бид харилцагчийг бүртгэх, хаяг нээхээс татгалзах эрхтэй
ХАРИЛЦАГЧИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ
- Биржийн зүгээс дараах нөхцөл байдалд үндэслэн Харилцагчийн хүсэлтийг цуцлах, Complex биржид хаяг нээхгүй байх эрхтэй. Үүнд:
- Шаардлагатай баримт материалыг дутуу ирүүлсэн;
- Харилцагч хувийн хэргийг бүрдүүлж өгөхөөс татгалзсан;
- Комплаенсийн хүрээнд шаардлагатай баримт материалыг бүрдүүлж өгөөгүй, өгөхөөс татгалзсан;
- Харилцагчийн баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан;
- Бүртгэл үүсгэх өдрийн байдлаар насанд хүрээгүй буюу 0-18 насны иргэн;
- Харилцагчийн бүрдүүлж өгсөн баримт материал хуурамч, эргэлзээтэй;
- Олон улсын болон дотоодын эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээний жагсаалтад бүртгэлтэй;
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбоотой байх магадлалтай (сөрөг мэдээлэл илэрсэн);
- Бусад.
ХАРИЛЦАГЧИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ
- Биржид бүртгүүлснээр та хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцогдох ба тухайн мэдээлэл нь платформд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан, луйвар зэрэг хууль бус үйл ажиллагааг илрүүлэхэд ашиглагдана.
- Бид таныг хэн болохыг баталгаажуулж, эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд танаас шууд байдлаар эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан таны лавлагааг авах эрхтэй болно.
- Дараах мэдээллүүдийг хувийн мэдээлэлд тооцохоос гадна таны хэн болохыг баталгаажуулахын тулд эдгээр мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
- Харилцагчийн овог, нэр, төрсөн он сар өдөрь иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар
- Цахим шуудангийн хаяг
- Утасны дугаар
- Оршин суугаа хаяг
- Иргэний үнэмлэхийн зураг (урд, ард талын)
- Иргэний үнэмлэхээ барьж авхуулсан харилцагчийн сельфи зураг
- Холбоо барих мэдээлэл
- Гадаад иргэний хувьд татвар төлөгчийн дугаар
- Та шаардлагатай мэдээллийг өгснөөр бид тухайн мэдээллийг үнэн зөв болохыг баталсанд тооцно.
- Бүртгүүлсний дараа дээр дурдсан мэдээлэл шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрд нь дахин баталгаажуулах шаардлагатай.
- Биржээс таны ирүүлсэн мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл залруулахыг танаас шаардах ба тухайн мэдээллийг залруулаагүй, эсхүл залруулахаас татгалзсан тохиолдолд үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах эрхтэй байна.
- Харилцагчийн бүртгүүлсэн холбоо барих мэдээллийн дагуу тантай холбоо тогтоож чадаагүйн улмаас үүссэн хохирлыг бирж хариуцахгүй болно.
- Харилцагч KYC бүртгэл баталгаажуулалт хийснээр Бирж дэх өөрийн хэтэвчинд орлого, зарлага хийх боломжтой болно. Энэхүү KYC баталгаажуулалт нь 2 үе шаттай байна. Үүнд:
- Та өөрийн овог, нэр, регистрийн дугаар, хаягийн мэдээллийн баталгаажуулалтыг Дан танилт нэвтрэлтийн системээр дамжуулан хийнэ.
- Таныг мөн болохыг баталгаажуулахын тулд таны иргэний үнэмлэхийн урд болон ард талын зургийг авахын зэрэгцээ иргэний үнэмлэхээ барьж авхуулсан зургийг хүлээн авч баталгаажуулалтыг хийнэ.
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ
- Харилцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Биржид бүртгэл үүсгэснээр хувийн мэдээллээ хууль тогтоомжид заасны дагуу ашиглуулах, гуравдагч этгээдэд (эрх бүхий байгууллага) дамжуулахыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Бирж нь харилцагчийн хувийн мэдээллийг хуулийн дагуу дараах зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглах шаардлагатай ба Мэдээллийн эзэн үүнийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, журам болон биржийн дүрэмд заасан үндсэн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор;
- Аливаа этгээдтэй гэрээ байгуулах, гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх, гэрээг дуусгавар болгох зорилгоор;
- Биржид өгсөн мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлах, баталгаажуулах зорилгоор;
- Иргэнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх, аливаа этгээдийг харилцагчаар бүртгэх, бизнесийн харилцаа тогтоох зорилгоор;
- Биржид ирүүлсэн хүсэлт, санал гомдлыг зайнаас болон биечлэн хүлээж авах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх, хариу өгөх зорилгоор;
- Харилцагчийн үйлчилгээ үзүүлэх явцад хувийн мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, танин баталгаажуулах зорилгоор;
- Бирж, түүний бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдгээрийн талаарх мэдээллийг зайнаас болон биечлэн хүргэх, цахим хуудас, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх цахим сувгуудыг сайжруулах, шинэ болон харилцагчид тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, санал болгох, сурталчлах, зах зээлийн судалгаа хийх, харилцагчдын талаар статистик мэдээлэл хөтлөх, бэлтгэх, харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор;
- Хуульд заасан эрх бүхий этгээдэд тайлан мэдээ бэлтгэн хүргүүлэх зорилгоор;
- Биржийн программ хангамжийг сайжруулах зорилгоор
- Биржийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор;
- Хууль тогтоомж, гэрээ, биржийн дотоод эрх зүйн баримт бичигт заасан үүрэг, нөхцөл шаардлагыг биелүүлэх зорилгоор
- Мэдээллийн эзэн нь биржид өгсөн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэйг ойлгож байгаа ба ийнхүү цуцлах тохиолдолд биржид бичгээр хүсэлт гаргана. Харилцагч нь биржид мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр өгөх, өгөхөөс татгалзах эрхтэй ба ийнхүү зөвшөөрлийг өгөхөөс татгалзсан, зөвшөөрлөө цуцалсан тохиолдолд Бирж нь тухайн харилцагчид үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн CX24-ГЗ/А-004 дугаартай тушаалаар нэмж, сайжруулав.
ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ
- Бирж нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тодорхойлох үүрэг хүлээдэг. Эцсийн өмчлөгчийг дараах байдлаар тодорхойлно.
- Хуулийн этгээд:
- Хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хувь хүнийг;
- Хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хувь хүнийг;
- Хуулийн этгээдийг болон хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж, үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хувь хүнийг;
- Хуулийн этгээдийн хувьцааг шууд болон шууд бус хэлбэрээр нийт хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж буй этгээдийг тус тус эцсийн өмчлөгчөөр тодорхойлно.
- Хуулийн этгээд нь хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн өгөх бөгөөд эцсийн өмчлөгчийг тодорхойлох маягтыг бөглөж өгнө.
- Хувь хүн:
- Тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хувь хүнийг;
- Хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн өөрийн хөрөнгийг бусдаар итгэмжлэн удирдуулж, үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хувь хүнийг эцсийн өмчлөгчөөр тус тус тодорхойлно.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
- Бирж нь Үйлчилгээний нөхцөлд хэзээд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.
- Шинэчлэгдсэн нөхцөлийг тухай бүрд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө www.complex.mn веб хуудас болон харилцагчийн биржид бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.
- Шинэчлэгдсэн нөхцөлийг харилцагч эс зөвшөөрвөл шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Биржид мэдэгдэж, үйлчилгээг цуцлах хүсэлтийг өгнө. Шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд харилцагчаас аливаа хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Үйлчилгээний нөхцөлд цаашид орох нэмэлт өөрчлөлтийг харилцагч өөрийн биржид бүртгэлтэй баталгаат цахим шуудан эсхүл биржийн платформ, аппликэйшнээр дамжуулан зөвшөөрсөн үйлдлийг бодит үйлдлээр хэлцэл хийсэнд тооцох бөгөөд ийнхүү баталгаажуулснаар шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ НӨХЦӨЛҮҮД
- Бирж нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, өөрийн үзэмжээр үйл ажиллагаагаа эрхлэх зах зээлээ сонгох, зарим улс оронд үйлчилгээ үзүүлэхийг хориглох, хязгаарлах эрхтэй.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
- Бирж нь харилцагчдынхаа итгэлийг хүлээж, хэтэвчинд байршуулсан хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын тулд ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн.
- Харилцагч та өөрийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд болох өөрийн хаяг, хувийн мэдээллийг бусдад алдахаас хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.
- Та өөрийн Бирж дэх хаягийн нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй ба нэвтрэх цахим шуудангийн хаяг, нууц үгтэй холбоотой мэдээллээ задруулахгүй байх хариуцлагыг хүлээх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.
- Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
- Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны Бирж дэх бүртгэлийг ашиглаж байгааг эсхүл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг олж мэдвэл нэн даруй бидэнд мэдэгдэнэ үү.
- Та веб сайт болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, хэтэвч цэнэглэх, мөнгө гаргаж авах журам, зааврыг чандлан мөрдөнө.
- Та веб сайтад хандах бүртээ үйлдэл хийж дуусаад “гарах” товчийг дараарай.
- Аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг Бирж хариуцахгүй.
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
- Бирж нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Үүнд бусдын эрхийг зөрчсөн, хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөөгүй, хэвийн бус арилжаа болон Үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Харилцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн бий болсон маргаан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах зардлыг бүхэлд нь Харилцагч хариуцна.
БИРЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА
- Харилцагч нь Биржийн үйлчилгээг ашиглахдаа дараах нөхцөлийг дагаж мөрдөнө. Үүнд:
- Биржийн Үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагана;
- Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй болон бусад хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх;
- Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх;
- Гэрээний дүрэм журмыг зөрчихгүй байх.
- Дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг харилцагч хариуцах ба тухайн зөрчлийн улмаас учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
- Биржээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авахгүйгээр веб сайтад байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Харилцагч биржийн үйлчилгээг биржийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсхүл шударга бус өрсөлдөөний үйлдэл хийхгүйгээр ашиглана.
- Хориглох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:
- Биржийн платформд саад учруулах төхөөрөмж, программ хангамж ашиглах;
- Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч, сүлжээний ачааллыг хэтрүүлэх;
- Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх;
- Бусдын хаягаар нэвтрэх болон нэвтрэхийг оролдох;
- Хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд харилцагчаас зөвшөөрөл авахгүйгээр буюу урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.
- Захиалгын хүсэлтийг хаах, саатуулах
- Хэтэвчийг хөдөлгөөнгүй болгох
- Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх
- Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх
- Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах
- Хэрэв харилцагчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн эсхүл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан харилцагч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ
- Бирж нь дараах үйлчилгээнүүдэд шимтгэл ногдуулна
- Арилжааны шимтгэл буюу Биржээр койн худалдах, худалдан авах үйлчилгээний шимтгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Шимтгэлийн нөхцөл”-өөр тодорхойлох бөгөөд Бирж нь шимтгэлийн нөхцөлийг бие даан өөрчлөх эрхтэй. Комплекс шимтгэлийн нөхцөлд ийнхүү өөрчлөлт оруулах тухай бүрд өөрийн complex.mn веб сайт болон албан ёсны мэдээллийн сувгаар дамжуулан нийтэд нээлттэй мэдээлнэ.
- Шилжүүлэг буюу гүйлгээний шимтгэл нь хүлээн авагч буюу шилжүүлэх бирж, байгууллагаас хамааран харилцан адилгүй байх бөгөөд хэрэглэгч гүйлгээ хийх бүрд шимтгэлийг гүйлгээний зааварт харуулна. Харилцагч гүйлгээний шимтгэлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр гүйлгээ буюу шилжүүлэг хийх боломжтой болно.
- Харилцагч болон Бирж харилцан зөвшилцсөн тохиолдолд “Тусгай нөхцөл” байгуулж болно. Тусгай нөхцөл байгуулсан харилцагчид үйлчилгээ үзүүлэхдээ тусгай нөхцөлд заасан үйлчилгээний шимтгэлийг баримтална.
Бусад шимтгэл нь Комплекс биржийн үйлчилгээний шимтгэлд хамааралгүй, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын шимтгэл болно. Тухай бүр харилцагчид систем дээр тодорхой харуулна.
ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
- Бирж нь дараах тохиолдолд Харилцагч танд учирсан аливаа хохирлыг хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх ба зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:
- Ашиг, гүүдвил, хэрэглээ, мэдээллийн алдагдал болон бусад биет бус алдагдал;
- Комплексийн үйлчилгээг ашиглах эсхүл ашиглахгүй байх;
- Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр таны Биржид бүртгэлтэй хаягийг ашиглах эсхүл мэдээллийг өөрчлөх;
- Үйлчилгээг буруу ташаа ойлгох;
- Биржид шууд хамааралгүй, Биржийн үйлчилгээтэй холбоотой бусад алдагдал;
- Аливаа төрлийн гүйлгээ хийхдээ сүлжээг буруу сонгох эсхүл хүлээн авах буюу шилжүүлэх хаягийг буруу оруулсан холбоотой хохирол;
- Бид сүлжээний ердийн засвар үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа худалдан авалт, үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд Бирж, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигч, захирал, ажилтан, өмгөөлөгч, агент, төлөөлөгч, гэрээлэгчид тус тус хариуцлага хүлээхгүй.
- Биржийн веб сайтад байршуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах хэдий ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно.
- Бирж нь аливаа виртуал хөрөнгө гаргагч, арилжаа эрхлэгчдэд ямар нэгэн зөвлөгөө өгөхгүй, тус мэдээллийн сайтад байршуулсан виртуал хөрөнгийн өмнө хариуцлага хүлээхгүй.
ЗАРЛАЛ
- Бүх албан ёсны зарлал, мэдээллийг Биржийн албан ёсны мэдээллийн сувгуудад байршуулна.
- Харилцагч зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд Бирж ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЦУЦЛАХ
- Харилцагч та үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, мөнгө угаахын эсрэг болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны бодлого болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд нэн даруй тухайн Харилцагчийн Биржид бүртгэлтэй хаягийг идэвхгүй төлөвт шилжүүлж, хандах эрхийг хязгаарлах арга хэмжээ авах ба хэтэвч үлдэгдэлтэй нөхцөлд хэтэвчийг царцааж, эрх бүхий байгууллагад мэдээлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.
- Бирж нь хэтэвчний гүйлгээний мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий этгээдийн шаардсанаар гуравдагч этгээдэд дамжуулах, гаргаж өгөх эрхтэй байна. Хэтэвчний хяналтыг дараах тохиолдолд хэрэглэж болно.
- Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах ажиллагаанд тухай хэтэвчний мэдээлэл хамаарах;
- Хэтэвчний хэвийн бус үйлдлийг илрүүлэх;
- Хаягт зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлэх;
- Шүүгчийн захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаалаар.
- Дараах тохиолдолд Бирж нь үйлчилгээг шууд цуцалж, Харилцагчийн хаягийг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй. Үүнд:
- Харилцагчийн хүсэлтийн дагуу;
- Харилцагч танд үзүүлэх үйлчилгээг цуцалсны дараа;
- Харилцагч мэдээллээ шинэчлэх үүргийн хүрээнд мэдээлэл гарган өгөхөөс татгалзсан;
- Харилцагчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуучирсан, бүрэн бус байгаа нь тогтоогдсон;
- Олон улсын болоод дотоодын хориг арга хэмжээний жагсаалтад бүртгэлтэй;
- Өөр этгээдийн нэрээр бүртгүүлж, Биржийн хэрэглэгч болохыг шууд болон шууд бусаар удаа дараа оролдох;
- Энэхүү гэрээ ( дүрэм журам багтана ) шинэчлэгдсэн тохиолдолд харилцагч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн;
- Биржийн зүгээс үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал.
ХЭТЭВЧ ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ (ЭНГИЙН)
- Хэтэвч хаасны дараа хэтэвч дэх үлдэгдлээс Биржид төлөх ёстой өр төлбөрийг ( хэрэв байгаа бол ) үл маргах журмаар суутган авахыг Харилцагч зөвшөөрнө. Харилцагч нь хэтэвчнээсээ бүх хөрөнгөө гаргаж авахад ажлын 5 өдрийн хугацаа олгоно.
ХЭТЭВЧ ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ (МУТС, ЛУЙВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ЗӨРЧИЛ)
- Луйвар, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний ( жишээ нь хориотой улсаас арилжаа хийх) улмаас хэтэвчийг хаах тохиолдолд бид хэтэвч дэх хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
ДОТООД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ
- Харилцагч нь Биржийн үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой.
- Биржийн үйлчилгээг авч буй бүх харилцагчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бусаар олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө.
- Бирж нь дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчийн хэтэвч, хөрөнгийг хааж, цуцлах болно.
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
- Нууцлалын бодлого нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн салшгүй нэг хэсэг бөгөөд Бирж нь Нууцлалын бодлого болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг өөрийн платформдоо байршуулж, тухай бүрд нь Харилцагчдад мэдээлнэ.
НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ
- Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг байгуулснаар хэрэв харилцагч зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг харилцагч ( үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана ) хариуцан арилгах ба Бирж болон түүний салбар компаниуд, гэрээлэгчид, лиценз олгогчид , тэдний захирлууд, ажилтнууд, агентуудыг хохиролгүй байлгана гэдгийг хүлээн зөвшөөрнө. Мөн та үйлчилгээг ашиглах явцдаа хууль тогтоомж, дүрэм журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд мөн хамаарна
- Үйлчилгээний нөхцөлд тайлбарласны дагуу Бирж нь өөрийн веб сайт дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хичээн ажиллах ба платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй. Бирж үйлчилгээг ашиглахаас үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.
- Үйлчилгээний нөхцөлийн дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал болон гэрээгээр олгосон бусад зүйлтэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус, онцгой, үр дагаварт хүрэх хохиролд ( мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого, бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана ) ямар ч тохиолдолд Бирж түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.
ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
- Бирж нь үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон программ хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.
ШИМТГЭЛ, ХУРААМЖ
- Биржийн үйлчилгээг ашигладаг Харилцагчдаас үйлчилгээний хураамж, шимтгэлийг авах эрхтэй ба үйлчилгээний хураамж, шимтгэлийг Бирж бие даан тогтоох бүрэх эрхтэй.
Шимтгэлийн төрөл | Хувь хэмжээ |
---|
Арилжааны шимтгэл | Нийт үнийн дүнгийн 0.17% |
Хэтэвч цэнэглэлт /төгрөгийн орлого/ | Шимтгэлгүй /дансаар/ |
Банкны зарлага /төгрөгийн зарлага/ | Нийт үнийн дүнгийн 1%+ 300₮ |
Амжилтгүй цэнэглэлтийн буцаалт | Гүйлгээ тутамд 500₮ |
Дотоод шилжүүлэг | Шимтгэлгүй |
Бусад шимтгэл | Бусад шимтгэл нь Комплекс биржийн үйлчилгээний шимтгэлд хамааралгүй үйлчилгээ үзүүлэгч байгууллагын шимтгэл болно. Уг шимтгэлийг тухай бүр харилцагчид систем дээр харуулна |
САНАЛ ХҮСЭЛТ
- Биржийн үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал, хүсэлт болон асуулт байвал дараах хаягуудаар холбогдох боломжтой ба харилцагчийн гаргасан гомдлын хэлбэр, шалтгааныг харгалзан ажлын 1 өдрөөс 7 хоног дотор шийдвэрлэж, хариу өгнө.
- [email protected] | И-мэйл
- Complex Mongolia | Ulaanbaatar | Complex Mongolia – Албан ёсны Фэйсбүүк
- Instagram (@complex.mongolia) | Complex Mongolia – Албан ёсны Инстаграм
- CompleX крипто бирж| Complex Mongolia – Албан ёсны Телеграм чат групп
- 72775050 | Лавлах утас /Ажлын өдөр 09-18 цаг/